Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд шагнал гардууллаа.
Тодруулбал төр, засгийн өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй, мэргэжлийн өндөр түвшинд биелүүлсэн 35 алба хаагчийг “Шударга журам”, “Цэргийн хүндэт” болон “Энхийн төлөө” медалиар шагнав.
Монгол Улсын баг БНТУ-д үүрэг гүйцэтгэхдээ 8 хүнийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлсэний 3 нь хүүхэд байсан байдаг. Мөн цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн.
Ийнхүү цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн байнгын аюул, эрсдэлийн дор өндөр зохион байгуулалттай, чадварлаг ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зүгээс талархал илэрхийлж, онцгой хариуцлагатай, нэр хүндтэй албанд хүчин зүтгэж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хөдөлмөрийн хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Энэ ажиллагаа нь Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж буйг ч цохон тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: Монгол Улсын ЕТГ
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334