Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсны зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед онцгой хувь нэмэр оруулж ажилласан хэмээн талархал илэрхийлсэн юм.
Энэ үеэрээ Ерөнхий сайд “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байгааг чухалчилж, баялгийн тэгш бус хуваарилалт, авлига, баян хоосны ялгаа газар авсан нь хөгжлийг хязгаарлагч томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн” хэмээн онцлов.
Мөн тэрбээр “Монгол Улс ойрын 10 жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчдын оролцоо, сэтгэл зүтгэл чухал” гэдгийг ч онцлон дурдлаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334