Энэ сарын 12-23-ны өдрүүдэд Вьетнам Улсад Зүүн Өмнөд Азийн Спортын 31 дүгээр их наадам /SEA GAMES 31/ зохион байгуулагдаж байна. Уг наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Зэвсэгт цагдаагийн дэргэдэх Морьт цагдаагийн хороо аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн байна.
Тус хороо нь байгуулагдсан цагаас хойш ийнхүү анх удаа томоохон арга хэмжээний үеэр нийтийн хэв журам сахиулах тусгай үүрэг гүйцэтгэсэн нь АСЕАН-ы бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг ихээхэн татсан аж.
Энэ тухай Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ.
Тус хороог 2020 онд Монгол Улсын тусламжтайгаар анх байгуулсан бөгөөд уналга эдэлгээ болон үржлийн зориулалт бүхий 105 толгой Монгол адууг тус улсад тээвэрлэн хүргэж байсан бол эдүгээ 125 тоо толгой болж өссөн байна.
Мөн уг хороо гадаадын төрийн тэргүүнийг угтан авах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна нийгмийн хэв журмыг сахиулах, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй хил орчмын ойн бүсүүдэд аюулгүй байдлыг хангахад тусгай үүрэг гүйцэтгэх юм. Вьетнам Улсад байгуулагдсан энэхүү Морьт цагдаагийн хороо нь АСЕАН-ы улс орнуудад байгаа цорын ганц нэгж гэдгээрээ онцлог аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334