УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн тул байнгын хороонд "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг буцаасан. Дараа нь Далай ашиглах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Монгол Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.117 дахь зорилтын 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 73 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны “Төлөвлөгөө батлах тухай” 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжийг судлан, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Мөн хуулийн төслийг боловсруулахдаа Олон улсын далайн байгууллагын зөвлөхийн боловсруулсан Монгол Улсын Далайн тээврийн тухай хууль болон далайд гарцгүй хэдий ч ОУДБ-ын аудитын шалгалтаар өндөр үнэлгээ авсан Азербайжен Улсын Худалдааны далайн тээврийн тухай хуулиудыг харьцуулан судалж ашигласан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Далайн мэргэжлийн хэдэн хүн байна вэ. Их далайд гарсан томоохон өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан уу. Олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-Монгол Улсад нийтдээ 20 орчим далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэгдсэн гэсэн мэдээлэл мэдээллийн санд бий. Далайн захиргаанд 25 хүн байгаагаас 5 нь далайн далай ашиглалт, усан замын тээврийн чиглэлээр ОХУ болон Солонгос улсад бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байна.
Хуулийг өргөн барьснаас хойш гурван жил өнгөрлөө. Энэ хугацаанд далайн тээвэртэй холбоотой, эрх зүйн хүрээнд эрх зүйн хүрээнд томоохон өөрчлөлт ороогүй. Харин үнэ тариф, зохицуулалттай холбоотой асуудлууд гарсан. Нэг сараас хойш Ажлын хэсэг хуралдаж байна. Энэ дээр ярилцах асуудлуудыг тусгасан. Их Британийн Умард Ирландын вант улсад Монгол Улсаас суух Элчин сайдын яамнаас Эргийн хамгаалалтын агентлагаар хуулийн төсөлд үнэлгээ хийлгэсэн байгаа. Энэ нь манай яамны болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй хуулийн төслийг гадагшаа явуулж үнэлгээ хийлгэсэн. Энэ материалтай танилцсан. Энэ материалаас зохих хэмжээний асуудлууд нь хуулийн төсөлд орсон. Зарим нэгийг нь хуулиар бус, дүрэм журмаар зохицуулах, зарим нэг нь хүлээж авах боломжгүй зүйлүүд байгаа юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй 34 саналын томъёоллоор санал хурааж, дууссаны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334