БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2022.05.09/ албан тушаалаа хүлээлгэн өгч байна.
Тэрбээр салах ёс гүйцэтгэх үг хэлэхдээ, “Энх тайван бол бидний оршин тогтнох, хөгжин цэцэглэх нөхцөл юм. Өмнөд, умард хоорондын яриа хэлэлцээг дахин сэргээснээр цөмийн зэвсгээс ангижирч чадна гэдэгт би найдаж байна” гэсэн нь хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг сэргээхийг уриалсан явдал байлаа.
Мөн тэрбээр ерөнхийлөгчөөр ажилласан таван жилээ эргэн дурсаж, Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн 2017 оны хямралыг дипломат харилцаа болгон хувиргасан тухайгаа дурдсан байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд Мүн хоёр Солонгосын харилцааг нэн тэргүүнд тавьж, Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад зуучлан оролцож байсан.
Мүн Жэ Ин шинэ ерөнхийлөгчид хандаж, “Өмнөх Засгийн газруудын хуримтлуулсан ололт амжилтыг өвлөн хөгжүүлж, түүхийг амжилттай үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэв. Түүний илтгэл 10 минут үргэлжилжээ.
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Сингапурын ерөнхийлөгч Халима Якоб, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нар айлчилж буй. Мүн Жэ Ин тэдэнтэй өнөө орой уулзахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгч буй Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чун Ей Ён АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьж, салах ёс гүйцэтгэжээ. Чун Ей Ён нь Мүний засгийн газарт 15 сар ажиллаад албан тушаалаа орхиж байна.
Эх сурвалж: YONHAP
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334