Б.Батдэлгэр: Аудитаар эм бүртгэлийн үйл ажиллагаа хэлбэр төдий явж байна гэж дүгнэсэн

By Сэтгүүлч С.Цээл.
  • 556
  • 0
  • 0

Үндэсний аудитын газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар эмийн бүртгэлийн үйл ажиллагаа хэлбэр төдий явж байна, эм бүртгүүлэгч байгууллага эмийн аюулгүй байдлын тайланг бүрэн ирүүлж, хэлэлцүүлдэггүй, биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэл, чанар, аюулгүй байдалд тавих хяналтын зохицуулалт орхигдсон байна гэх зэргээр багагүй зөрчил илрүүлсэн аж. Энэ талаар Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Батдэлгэртэй уулзаж ярилцлаа.

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2014 онд батлагдсан. Гэсэн ч энэ бодлогын хэрэгжилтийг үнэлэхгүй өдий хүрчээ гэж ойлголоо?

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд УИХ-аар баталсан. Хэрэгжүүлэх субъект нь Засгийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Эрүүл мэндийн яам. Бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хугацаа, хариуцах эзэнтэй байхаас гадна хэрэгжилт нь хэр байгааг үнэлэх ёстой. Аудитын тайлангаар салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангагдаагүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, зорилт арга хэмжээ бүрийг үнэлж, хэрэгжилтийн түвшнийг тогтоогүйгээс бодлогын хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, дүгнэх боломжгүйгээс гадна уг бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь хүчингүй болгосон.

-Бодлого батлагдахаас өмнө танай байгууллагатай хамтарч ажилладаг уу. Бодлого нь хэрэгжих боломжтой, бодитой шалгуур үзүүлэлттэй болсон гэдгийг хэрхэн тодорхойлох юм бэ?

-Бодлого батлагдахаас өмнө ТАБ-тай хамтарч ажилладаггүй. ТАБ-ын бодлогоор хэрэгжүүлэх аудитын сэдвүүдийг тодорхойлон, УИХ-ын Төсвийн байнгын хороо тухайн жилд хийж, гүйцэтгэх аудитын сэдвийг баталдаг. Энэ дагуу Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилго, зорилтыг хэрэгжиж үү, бодлого хэрэгжсэнээр ямар үр гарсан байна гэдэгт аудит хийх төлөвлөгөө боловсруулдаг. Дээрх сэдвийн хүрээнд аудитыг гүйцэтгэж, тайлан гаргасан байгаа.

-Гол нь бодлогыг боловсруулж байх явцад аудитын байгуул­лагатай хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд анх удаа гүйцэтгэлийн аудит хийж байгаа. Гүйцэтгэлийн аудит нь өөрөө бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, үр дүнд хийдэг учраас бодлогыг боловсруулж байх явцад хамтарч оролцдоггүй. Тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй.

-Шалгалтын явцад эмийн салбарт хамгийн түрүүнд засах хэрэгтэй зөрчил юу байна вэ. Эм бол стратегийн маш чухал бүтээгдэхүүн учраас хяналттай, зохицуулалттай, бас өндөр стандарттай байх ёстой?

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилгыг “хүн ардаа эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” гэж тодорхойлсон. Энэ зорилгыг хангах хүрээнд эмийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаа явагдах ёстой. Дээрх зорилгоор импортын, дотоодын үйлдвэрийн бүх эм ялгаагүй бүртгэлтэй, хяналттай байх ёстой. Аудитаар эмийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаа хэлбэр төдий байна гэж дүгнэсэн. Эрүүл мэндийн сайд эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмыг баталдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хүний эмийн асуудал хариуцсан зөвлөл ажиллахаар, мөн хэн ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг тусгасан байдаг. Энэ зөвлөл нь эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах, бүртгэлээс хасах зэрэг асуудлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Гэхдээ улсын бүртгэлд бүртгэлтэй эмийг иж бүрэн хянах хяналтын тогтолцоо давхар ажиллаж байх ёстой. Хэдийгээр бүртгэлийн үйл ажиллагаа хууль, журмын дагуу хийгдэж байгаа гэх боловч учир дутагдалтай асуудлууд байгааг аудитын тайланд тодорхой тусгасан.

Бүртгэнэ гэдэг зүгээр л бүртгэл хийхийн нэр биш. Эмийн аюулгүй байдал, үр нөлөө, чанарыг үнэлж байж зах зээлд гаргах, зах зээл дэх эмийн чанарт хяналт хийх, эмийн сурталчилгаа, гаж нөлөөнд хяналт хийх, эм, эмнэлгийн мэргэжилтнүүд болон олон нийтийг эмийн мэдээллээр хангах зэрэг маш олон асуудлууд шийдлээ хүлээж байна. Эмийн чанар байдлыг ямар нотолгоонд суурилсан, гарал үүсэл нь тодорхой юу, ямар чанартай түүхий эд орсон, хаана хэзээ үйлдвэрлэсэн, ямар нөхцөлд хадгалсан, яаж тээвэрлэсэн, ямар баглаа боодолтой байх вэ, хэчнээн улсад бүртгэгдэж хэрэглэдэг, ямар гаж нөлөө үзүүлсэн гэх мэт бүх талын мэдээлэл нь байж гэмээнэ эмийн бүртгэл сайн байна гэж ойлгож болох юм. Танаас би асууя. Та гадаадын аль нэг улсад явж байхдаа эмийн сан руу ороод “толгой өвдлөө” эм авъя гэвэл өгөх үү?

-Өгөхгүй шүү дээ.

-Манайд яадаг билээ. ДЭМБ, АХБ, ДБ-ны төслүүдээр манай улсын эмийн чанар, аюулгүй байдал, антибиотикийн хэрэглээний талаар маш олон судалгаа хийсэн байдаг. Гэтэл энэ судалгааны дүнг бодлого хэрэгжүүлдэг байгууллагууд нь яагаад үйл ажиллагаандаа ашиглахгүй, хэрэгжүүлэхгүй байна вэ?. Эмийн бүртгэлийн хяналт, чанар, аюулгүй байдлыг хангах маш чухал нэг зүйл бол өндөр түвшний лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байх. Эм нь онцгой бүтээгдэхүүн учраас бүртгэл, хяналтыг үйлдвэрлэл, импорт, зах зээл дээрх бүх шатанд хяналттай, тэр хяналтыг нэг цонхоор харж хэрэгжүүлдэг. Гэтэл эмийг бүртгэдэг, импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөл олгодог нэгж нь тусдаа, мэргэжлийн болон лабораторийн хяналт нь тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэг, бүтэцтэй байсан. Засгийн газрын 2020 оны 222 тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Цаашид энэ байгууллагыг эмийн хяналт, зохицуулалтын нэгдсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг хараат бус, бие даасан зохион байгуулалтын оновчтой бүтэц, чанарын удирдлага, хяналтын тогтолцоо бүхий байгууллага болгон ажиллуулах шаардлагатай байгааг тайланд тусгасан. Эмийг олон талаас биш нэг цонхоор нэгдсэн хяналтаар, нэг шалгуур үзүүлэлтээр хянадаг тогтолцоо байдаг.

-Та лабораторийн тухай ярилаа. Өндөр хөгжилтэй орны лаборатори шиг өндөр технологитой байх ёстой гэсэн шаардлага тавьж чадахгүй ч үндэсний жишиг стандарт шаардах нь зүй ёсны. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл жишиг стандартгүй байна вэ?

-Хүнс болон эмэнд лабораторийн хяналтыг эдийн засгийн хувьд зардал өндөр ч гэдэг юм уу, эсвэл өндөр хүчин чадалтай лабораторийн өртөг өндөр, санхүү­гийн хувьд боломжгүй гэдэг байдлаар хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Хүнс болон эмийг хүн шууд хэрэглэдэг бүтээгдэхүүн. Илүү тунгаар эсвэл бүрэн оношлогдоогүй өвчинд эмчийн заавар журмаар олгогдоогүй эм бол хор. Зөв оношоор тухайн өвчинд таарсан тунгаар ууж байж л үр дүн  яригддаг. Тийм учраас лабораторийн чанар, бэлэн байдлыг хангуулах, иж бүрэн шинжилгээ хийх нь улс орны нэн тэргүүний асуудал. Манай улсад Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори дээр эм биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуур, эмийн түүхий эдийн хяналтыг хэрэгжүүлдэг. Тухайн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэж, Монгол Улсад эмийн бүртгэл, хяналтын үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг. Хүндрэлтэй асуудал бий. Зарим тоног төхөөрөмж нь эвдэрсэн. Зарим эм, эмийн түүхий эдийн хувьд лабораторийн урвалж байхгүйгээс шаардлагатай үзүүлэлтийг бүрэн тодорхойлохгүй байна гэсэн асуудал гарч байна. Энэ бол байх ёсгүй зүйл юм.

-Эмийн үйлдвэрүүд дэргэдээ заавал лабораторитой байх шаардлагатай биз дээ.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг байгуулагдсанаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн бүрэлдэхүүнд байсан эмийн хяналтын лаборатори нь тус байгууллагын харьяанд шилжих шийдвэр гарсан хэдий ч нэлээн хугацаа алдаж хэрэгжиж байна. Эмийн үйлдвэрүүд дэргэдээ заавал лабораторитой байх ёстой. Үндэсний эмийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ бага байгаагаас техник, технологийн шинэчлэл хийх, өндөр хүчин чадалтай лаборатори байгуулахад хүндрэлтэй байдаг. Ялангуяа уламжлалт эмийн үйлдвэрүүдэд ийм хүндрэл байна. Лабораторийн тоног төхөөрөмж өртөг өндөртэй. Төрөөс баримтлах бодлогын баримт бичигт үндэсний эмийн үйлдвэрлэлийн чадавх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүүгийн боломжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Гэвч үндэсний зарим эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн хэмжээ хэт бага байгаа нь эмийн чанар, аюулгүй байдалд тавих дотоод хяналт хэрэгжихгүй байх эрсдэлтэй нь харагдаж байна. Тухайлбал, Эм, эмийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 63 тусгай зөвшөөрөл олгосон байхад үүнээс 7 нь эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлагыг хангаж гэрчилгээгээ авсан байна. ДЭМБ-аас эм үйлдвэрлэж байгаа бол эм үйлдвэрлэл болон эмийн хяналтын зохистой дадлыг хангасан байхыг шаарддаг. Тэгэхээр энэ асуудалд анхаарах шаардлагатайг манай аудитын тайланд тодорхой тусгасан.

-Дэлхийн банкнаас гаргасан нэг судалгаанд дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангаагүй гэсэн байсан?

-Хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон хууль, журам, стандартын бус эмийг буцаан татах, хадгалах, устгах журам, зааваргүй, илэрсэн стандартын бус, хуурамч эмийг олон нийтэд мэдээлэх баримтжуулсан удирдамж, заавар алга. Аудитын тайланд нэлээд олон зөрчлийг дурдсан. Энэ бол донор байгууллагуудын судалгааны дүнгээс иш татсан тоо баримт. Манай улс эмэнд иж бүрэн хяналт тавьж чадахгүй байна гэдгийн нэг илрэл.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэсэн шинэ агентлаг үйл ажиллагаа явуулаад жил гаруй болжээ. Гэтэл баримтын зөрүүтэй мэдээлэл явж л байгаа харагддаг?

-Эмийн талаар гарч байгаа бүх мэдээлэл үнэн зөв, нотолгоонд суурилсан байх ёстой. Үнэн зөв, бүрэн байж гэмээнэ хэрэглэгч, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч зөв мэдээлэл авна. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эмийн импортын мэдээг Гаалийн байгууллага, дотоодын эмийн үйлдвэрлэлийн борлуулалтын мэдээг Татварын ерөнхий газраас авч тулгахад их зөрүүтэй байсан. Мөн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан эмийг нэгдсэн мэдээллийн www.http://licemed.mohs.mn санд бүртгээгүй, эмийн мэдээллийг зөрүүтэй илэрхийлсэн зөрчлүүд байна. Эрүүл мэндийн байгууллага эмзүйн салбарын үзүүлэлтийг жил бүр гаргаж, нийтэд мэдээлдэг боловч тоо баримтууд нь зөрүүтэй байна. Эмийн бүртгэл, үйлдвэрлэл, борлуулалт, чанар, аюулгүй байдлын мэдээллийг иж бүрэн цуглуулах, эмийн хяналт, зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудын уялдааг хангасан нэгдсэн мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байгааг зөвлөмжөөр өгсөн. Жишээ нь нэг эмэнд эрсдэл үүсэж зах зээлээс татлаа гэхэд хяналт тавьдаг байгууллагад аль, аль эмийн сан, ханган нийлүүлэх байгууллагад хэчнээн хэмжээгээр байна вэ гэдгийг мэдэх боломж алга байна. Эмийн зохицуулалт сайн хөгжсөн улс орнуудын эмийн нэгдсэн мэдээллийн цахим сайтаар орж харахад бүх мэдээлэл нь цогцоороо байдаг. Гэтэл манай эмийн сайт дээр маш цөөн мэдээлэл илэрхийлсэн байна.

-Эм импортлогч компаниуд сайт дээрээ эмийн мэдээлэл тавьсан байдаг. Гэхдээ нэгдсэн стандартгүй харагддаг?

-Улс орнуудын эмийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг ДЭМБ-аас үнэлгээний нэг шалгуураар үнэлж, зөвлөмж өгдөг. Тус байгууллагаас 2016 онд манай улсын эмийн хяналт, зохицуулалтын чадавхыг үнэлсэн үнэлгээгээр яг таны асуусан асуудал хангагдаагүй байгааг анхааруулсан. Харамсалтай нь өнөөг хүртэл засаж, сайжруулах ажил бүрэн хийгдээгүй байна.

-Хэрэгжүүлэх үүрэг нь Эрүүл мэндийн яамных. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг байгаагүй тохиолдолд яам өөрөө хяналтын үүргээ гүйцэтгэж байсан биз дээ?

-ЭМЯ-нд Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс уг үүргийг хэрэгжүүлж байсан. Эмийн хяналт, зохицуулалтыг нэгдсэн нэг тогтолцоонд оруулснаар тодорхой үр дүнд хүрэх ёстой. Аудитаар Эрүүл мэндийн сайдад тус байгууллагыг хараат бус, бие даасан зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй, чанарын удирдлага, хяналтын тогтолцоо бүхий байгууллага болгон үйл ажиллагааг жигдрүүлж ажиллахыг зөвлөсөн. Хэчнээн Агентлаг байгуулчихаад эмийн нэгдсэн хяналт зохицуулалтын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, өөр чиг үүрэг рүү давхиж ороод байвал өнөөдрийн зөрчил дутагдал арилахгүй.

-Дотоодын үйлдвэрлэлийн эм, импортын эмийн бүртгэлд тавьж байгаа шаардлага хэр зөрүүтэй байна вэ?

-Шинэчилсэн бүртгэлээр нэг стандартын дагуу шалгуур тавьж байгаа. Өмнө нь дотоодын эмэнд арай хөнгөн шалгуур тавьж байсан. Харин эм дотоодынх байна уу, импортынх байна уу бүртгэлд тавих хяналт ялгаатай байж болохгүй гэж үзсэн.

-Эмийн зохистой хэрэглээний боловсрол олгох ажил дутагдалтай хэвээр байна. Хэдийгээр эмийн бодлогод энэ асуудлыг суулгадаг боловч зохистой хэрэглээ гэдэг ойлголт нийтэд алга?

-Эм бол онцгой бүтээгдэхүүн учраас заавал эмзүйч мэргэжилтэй хүн эмийг олгодог. Эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй байнга давтан сургах тогтолцоо үйлчлэх ёстой. Эмийн хөгжлийг бид вакцин дээр л бодитоор харж, мэдэрч байна. Шинжлэх ухаан ямар хурдан хөгжиж байна, хэчнээн төрлийн эм шинээр дэлхийн зах зээлд өдөрт гарч байна вэ. Үүнийг дагаад шинэ, шинэ эмчилгээнүүд нэвтрүүлж байна. Мэдээж эм зүйн салбар ч дагаад хөгжиж байх ёстой. Эм зүйч сургаж байгаа хөтөлбөр төлөвлөгөө уг нь манайд байна. Гэвч сургалтынхаа чанарыг үнэлдэг тогтолцоо алга. Эм зүйчийг Монгол улсад найман их, дээд сургууль бэлтгэдэг. Цааш нь давтан сургах чиг үүрэг нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд байдаг. Анхны буюу бакалаврын сургалт нь их, дээд сургуульд, давтан сургах тогтолцоо нь Эрүүл мэндийн яаманд гээд уялдаа холбоо нь хангагдаагүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт эм зүйчийн хүрэлцээ муу, мэргэжлийн бус хүн эм олгодог зөрчил байгааг орон нутаг дахь төрийн аудитын газруудын хийсэн аудитаар илэрсэн. Ер нь, эмийн зохистой хэрэглээг хэн төлөвшүүлэх ёстой гэж та бодож байна.

-Эцэг эх л...

-Хуулиараа бол төрийн үүрэг. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн талаар мэдлэгийг иргэддээ суулгаж өгөх үүрэгтэй. Гэтэл яагаад бид шууд эмийн сангаас эм авах дадалтай болсон байна вэ? Эхлээд эмчид хандан онош тогтоолгож, эмээ бичүүлж аваад эмийн санч эмийнхээ мэдээллийг өгөөд, олгохоор байхад эмийн сангаас худалдаж аваад хэрэглээд байдаг. Энд тогтолцооны гажуудал гарч байгаа юм. Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнуудаас эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар юу хийсэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэхээр сургалт явуулсан, аян зохион байгуулсан л гэдэг. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 54.6 хувь нь хамрагдсан, харин иргэдийн оролцоог тодорхойлох боломжгүй байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр иргэд олон нийт эмийн зохистой хэрэглээний талаар өөр өөрсдийн хэмжээний ойлголттой байна гэсэн үг. Энэ талын төлөвшил иргэдийн дунд ямар байгааг үнэлэх, дүгнэх тогтолцоо бүрдээгүй. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмийн сурталчилгаа яваад байдаг ч зохистой хэрэглээний талаар төдийлөн мэдээлэл өгдөггүй. Антибиотикийн хэрэглээ, эмийн гаж нөлөөний асуудал ямар түвшинд байгааг та мэдэж байгаа шүү дээ.

-Эмийн гаж нөлөөний бүртгэл тун хангалтгүй гэж байсан. Наад зах нь олон нийтийн сүлжээгээр дүүрэн вакцины гаж нөлөөний талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл байна. Үнэндээ энэ талаар нэгдсэн мэдээлэл авах систем манайд байхгүй?

-Эмийн гаж нөлөөг эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн байгууллага бүгд бүртгэх, мэдээлэх үүрэгтэй. Гэтэл дээрх үүргийг хэрэгжүүлэх 3000 гаруй байгууллага байдаг ч жилд дунджаар 20 гаруй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага 100 хүрэхгүй эмийн  гаж нөлөөг бүртгэж, Хүний эмийн зөвлөлийн дэргэдэх Эм судлалын салбар зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна. Мөн эмийн мэдээллийн www.licemed.mohs.mn системийн Эмийн гаж нөлөө цэсэд ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь эмийн гаж нөлөөг бүртгэж, хариу арга хэмжээ авах тогтолцоогүйг харуулж байна. Өнөөдөр эм, вакцины гаж нөлөөний талаарх мэдээлэл хэвлэл мэдээллээр маш их гарч байгааг бид анзаардаг. Эмийн санд гаж нөлөөг бүртгэх хайрцаг байдаг. Гэтэл үүнийг мэдэхгүй хүн хэрхэн бүртгүүлэх вэ.Тэгэхээр эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо сайн байна гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна. Бүртгэл, хяналт хэлбэр төдий л яваад байна. Аудит хийх хугацаанд эрүүл мэндийн олон байгууллагын удирдлага, эмчилгээ хариуцсан ажилтан, эм зүйч нартай уулзсан. Гаж нөлөө илэрдэг үү гэхээр илэрдэг гэдэг. Эмийнхээ чанар хяналтад тухай бүр нь арга хэмжээ авдаг л гэдэг. Нэгдсэн эмийн бүртгэлтэй ч ямар эмээс, ямар гаж нөлөө үүсдэг тухай мэдээлэл авах боломжгүй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгүүд гаж нөлөөг сайн бүртгүүлдэг юм байна гэсэн дүр зураг харагдсан шүү. Та судалгааг нь хараарай.

-Манайхан яг үнэндээ эмийн гаж нөлөө бүртгүүлнэ гэхэд жаахан төвөгшөөдөг тал бий?

-Гаж нөлөөг бүртгүүлнэ гэдэг эмийн үйлчилгээг судлагдахад, чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй. Эмийн бүртгэлийн хугацааг сунгахдаа эмийн аюулгүй байдлын тайлан мэдээллийг заавал хэлэлцэх ёстой. Гэтэл энэ мэдээлэл үнэхээр хангалтгүй байна. 2020 онд нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 595 буюу 92 хувьд эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй байгаа юм. Донор байгууллагууд эмийн чанар муу, хуурамч эм байна гэж судалгаанд үндэслэн хэлээд байхад эмийн аюулгүй байдлын тайлангаа ийм бага хувь ирүүлнэ гэдэг хариуцлагын тогтолцоо үнэхээр сул байгааг илэрхийлнэ. ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу биш эмийн бүхий л тогтолцоондоо ажлыг хэлбэр төдий хийж байна гэж болно. Хяналтыг хэрэгжүүлдэг шалгуур нэгдсэн үзүүлэлт байхгүй. Хүн бүр өөрийнхөө өнцгөөс тайл­барлах боломжтой. Гэтэл нэгдсэн хяналтын тогтолцоог нэгдсэн шалгуур үзүүлэлтээр хэрэгжүүлж байж сайн засаглалын тогтолцоо хангагдана. Тэгэхгүй бол улсын байцаагч, эм зүйч нь өөр өөр юм яриад байж болохгүй. Бидний тавьдаг хяналт мөн нэг стандартаар нэг цонхоор хэрэгжих ёстой.

-Манай улсын хувьд эм зүйч гэдэг мэргэжилтэн үнэхээр чухал. Учир нь бид эмийн сангаас дуртай эмээ аваад уудаг улс. Эмийн сангууд өөрсдөө мэргэжлийн хүн ажиллуулахад хэрхэн анхаарч чадаж байна вэ. Тэдэнд ямар хяналт тавьж ажиллав?

-Эмийн сангуудад тавьсан хяналтаар нэлээдгүй зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсан тохиолдлуудыг тайлангаар гаргаж тавьсан. Эмийн санд тавих стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байсан эмийн сан ч бий. Эмийн мэргэжлийн хяналтыг орон нутагт эм, био бэлдмэлийн улсын байцаагч хэрэгжүүлдэг боловч ийм мэргэжилтэнгүй аймгууд ч байна. Тухайн орон нутагт ийм байцаагч байхгүй тохиолдолд хяналт хэрэгжээгүй гэсэн үг.

-Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж зүй ёсоор анхаарал татах асуудал байна. Сурталчилгааны ямар ч хяналтгүй байгаа нь бидэнд ч ажиглагдаж байна?

-Биологийн идэвхт бүтээгдэхүүний хяналт гэдэг зүйл үндсэндээ хаягдсан гэж болно. Бид энэ тухай тайландаа тодорхой бичсэн. 90 гаруй хувь нь импортоос хамааралтай. Өнөөдөр хүсэлт илгээсэн импортлогчийн бүтээгдэхүүнийг л бүртгэж байна. Бүртгэлгүй биологийн идэвхт бүтээгдэхүүний цаашдын үр дагаврыг та мэдэж байгаа байлгүй дээ. Өнөөдөр биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа ямар түвшинд байна. ТВ-ийн суваг нээх бүрд, олон нийтийн сүлжээгээр дүүрэн байна. Уг нь сурталчилгааны зөвшөөрлийг эм бүртгэгч субъект олгодог.  Жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зөвшөөрөл авсан тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зохицуулалттай. Үүнийг хянах тогтолцоо нь бүрдээгүй. Гэтэл энэ чинь эмээс илүү гаж нөлөө үзүүлдэг. Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл хяналт, зохицуулалтыг эмийн нэгэн адил хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

-Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрүүд бий. Жишээ нь “Элэг бүтэн Монгол”. Үүний үр дүнг тооцох ажлууд ямар түвшинд байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 12 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаагаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг онцгойлж авч үзсэн. Учир нь, эрүүл мэндийн салбарын биш эмийн аудит хийсэн гэдгийг хэлье. Энэ хөтөлбөрийн хамрагдалтыг аудитад ирүүлсэн тоон мэдээллээс дүгнэхэд хепатитийн вирусийн илрүүлэг шинжилгээнд нийт 1.1 сая хүнийг хамруулсан байгаа нь зорилтот түвшнийхээ 50 хувьд л хүрчээ. Уг нь нэлээд хугацаа өнгөрсөн байна. Хөтөлбөр нь элэгний B,C вирусийг эрт илрүүлэхийн төлөө иргэдээ хамруулах, үүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилготой. Үүний 10-аад хувьд нь В, С вирус илэрсэн. Тэгвэл хэдэн хувь нь эмээ авч чадсан бэ гэдэг үр дүнг тооцох гэж онцгойлж ажилласан. Харамсалтай нь, төдийлөн сайн үр дүн гараагүй байна.

-Энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст олгох эмийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр өгсөн. Гэтэл үр дүн сайн биш гэж байгаа нь үнэхээр харамсалтай?

-Аудитаар аливаа үр дүнг дүгнэхдээ тоон өгөгдөл дээр суурилдаг учраас хамгийн нарийн, боломжтой мэдээлэл цугласан байх магадлалтай “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр гэж үзээд онцгойлон авч үзсэн. Дараа нь, артерын даралт бууруулах эмийн хүртээмж хангамжийн асуудалд анхаарч ажилласан. Элэг бүтэн Монгол хөтөлбөр дээр гэхэд бид 2017 оны тоон өгөгдлийг олж авч чадаагүй. Зүрх судасны өвчлөл бол монголчуудын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг. Гэтэл нарийн судалгаа шинжилгээ хийх дата алга. Хоёрдугаарт, даатгалын үр нөлөөг иргэдэд таниулах сурталчлах асуу­дал төдийлөн сайн биш байна. Артерын даралтын эмийг олгохдоо хэрэглэж байгаа өвчтөний даралт ямар түвшинд хянагдаж, хэдий хугацаанд эмээ авч байна вэ гэдгийг нэлээн шинжилж үзлээ. Учир нь, энэ эмийг тогтвортой хэрэглэх ёстой. Гэтэл нэг хүн дунджаар 4 удаа даатгалаар үйлчлүүлж, эмээ авчээ. Үнэндээ эмээ тогтмол хэрэглээгүй гэсэн үг. Энэ чинь даатгалаас олгож байгаа эмийн үр нөлөө буурч байна гэж дүгнэхэд хүрч байгаа юм.

-Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр авдаг эмийн үнэ олон улсын зах зээлийн үнээс өндөр байгаа нь судалгаагаар гарсан байсан?

-Ер нь, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтоохоор заасан байдаг. Гэтэл эмийн үнийн хязгаарыг тогтоосон шийдвэрийг Засгийн газраас гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, эмийн үнэд төр оролцохгүй байна гэсэн үг. Даатгалаас олгож байгаа эмийн үнийн дээд хязгаарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоож байгаа юм. Энэ бол хууль хоорондын зөрчил. Даатгалаар үйлчлүүлэх байгууллага өөрөө үнээ тогтоож болохгүй. Даатгал бол иргэддээ үйлчилгээ үзүүлдэг хүртээмжийг сайжруулах тогтолцоо болохоос үнэ тогтоох субъект биш. Өөрөөр хэлбэл, бүх тогтолцоогоо өөрөө хэрэгжүүлж байна. Үнэ тогтоогоод, олголтоо хийгээд. Олгох эмийн жагсаалтыг л Эрүүл мэндийн яам баталдаг. Зайлшгүй шаардлагатай эмийн даатгалаас хөнгөлөх хэмжээг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл тогтоож байна. Эмийн зохицуулалт сайтай улс бол эмийн үнийг төрөөс зохицуулдаг юм билээ.

-Энэ чинь даатгалын байгууллагад давуу эрх олгож байгаа мэт харагдаж байна?

-Тийм, өөрөө үнээ тогтоогоод, өөрөө хөнгөлөх хэмжээгээ тогтоогоод байгаа юм.

-Вакцины талаар сүүлийн жилүүдэд бид нэлээн анхаардаг болсон. Энэ удаагийн хяналт шалгалтад вакцины талаар туссан зүйл бий юу?

-Вакцин гэж онцгойлж үзээгүй. ДЭМБ-аас манай улсын эмийн хяналт, зохицуулалтын чадавхид хийсэн үнэлгээний тайланд вакцины нэгж цувралын зөвшөөрөл, чанарын хяналт хангалтгүй буюу 22.5 хувьтай гэж дүгнэсэн байсан. Эмийн бүртгэл хяналтын нэгдсэн тогтолцоотой бол Баян-Өлгий аймагт хэзээ вакцин хүрэв, ямар орчин нөхцөлд тээвэрлэгдэв, тэнд хадгалалт хамгаалалтын нөхцөл ямар байна гэдэг иж бүрэн мэдээлэл байх ёстой. Бид аудитыг гүйцэтгэж байх явцдаа зарим эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Импортоор ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл захиалагчид нийлүүлэгдэхдээ хайрцаг бүр дээр тусгай чиптэй ирдэг. Тэр чипэнд тээвэрлэлтийн явцын бүхий л мэдээлэл бичиж хадгалагдсан байдаг. Хайрцгийг задлахын өмнө чипийн мэдээллийг уншуулж, стандарт шаардлагын дагуу тээвэрлэгдсэн, хадгалагдсан эсэхийг баталгаажуулж байна. Манай улсын хувьд энэ тогтолцоо маш чухал. Тухайлбал, Нэг вакцин Монгол Улсын хэмжээнд нэг л стандартаар хадгалагдах, тээвэрлэгдэх ёстой.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин Н.Бат

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Аймгуудын төрийн үйлчилгээг цахимжуулж эхэлжээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Иргэн та эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдаарай
Сургуулийн хашаанд автомашинууд шатжээ
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
Согтууруулах ундаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв
Тэрбум мод хүрээгээ тэлсээр...
​Д.Алтанцэцэг захирал Газрын тосны үйлдвэрийг газрын гав руу чирэх нь
Шадар сайд аа, мянганы луйврыг илчлээд бай...
Талхыг минь битгий булаагаач дээ...
Дээд шүүх Ц.Элбэгдоржийн “хүслийг” гүйцээх үү?   
Б.Батцэцэг сайд төрийн залгамжийг үгүй хийх ээ боль
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа
Иргэн та эрт илрүүлгийн үзлэгтээ хамрагдаарай
Сургуулийн хашаанд автомашинууд шатжээ
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Азийн аваргын эрхийн төлөөх тоглолт Монголд болно
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
Монголбанк барьцааны зоорийн асуудалд хөндлөнгөөс оролцоогүй
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
ОХУ-ын лигт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар финалд шалгарчээ
Согтууруулах ундаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв
Тэрбум мод хүрээгээ тэлсээр...
​Д.Алтанцэцэг захирал Газрын тосны үйлдвэрийг газрын гав руу чирэх нь
Шадар сайд аа, мянганы луйврыг илчлээд бай...
Талхыг минь битгий булаагаач дээ...
Дээд шүүх Ц.Элбэгдоржийн “хүслийг” гүйцээх үү?   
Б.Батцэцэг сайд төрийн залгамжийг үгүй хийх ээ боль
Шингэрүүлсэн шатдаг хийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ
Ерөнхийлөгч үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина
БНСУ руу аялах визийн мэдүүлгийг ирэх сарын 1-нээс авна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Сарантогос, П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Бөхчүүд чинь яаж орхио вэ
Хүүхдийн төлөө сэтгэл гаргаж  "Хүүхдийн өрөө" байгуулахыг уриалав
Их хурлын дарга ууртай байна уу...
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Гялсбанкаар гүйлгээ хийгээд Iphone13 утасны эзэн болоорой
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
Голомт банк "Mongol NFT" ХХК-тай хамтран ажиллана
“Сахал” Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг сунгалаа