УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Нэр дэвшигч Э.Сарантогос, Д.Гэрэлмаа нарт хэлэх үг алга. Мэргэжилтнээс газрын дарга хүртэл 20 гаруй жил ажилласан хүмүүстэй юу ярих вэ. Шатлан дэвших зарчмаараа явж байна. Хариуцсан ажлынхаа хүрээнд томилгоо нь хийгдэж байна. Нэр дэвшигч П.Сэргэлэн аж ахуйн эдийн засгийн чиглэлээр явсан учраас нүдээ олсон зөв томилгоо байна. Нэр шигээ сэргэлэн яваарай гэж хэлье.
Гадаад харилцааны сайдаас асууя. Дотоод хяналт шалгалт хэрхэн хийгддэг вэ. Гаднын орнуудад гомдол гаргах журмыг цахимд ил байршуулсан байдаг. Манай төрийн байгууллагууд иргэний өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэх аргаа өөрчилмөөр байна. Хүний эрх, авлигатай тэмцэх асуудлыг их ярьж байна. Элчин сайдын яамны дор ажилладаг хүмүүс буюу улстөрчдийн шахааны хүмүүсийг иргэд шүүмжилдэг. Гадаад харилцааны яамны үе дамжсан хүмүүсийн лоббигоор орсон олон төрлийн эрээвэр хураавар гадаад хэлтэй, хэлгүй хүмүүс цугалчихсан. Зарим Элчин сайдын яаманд гадаад хэлтэй хүн байхгүй. Иргэдийн өргөдөл, гомдлоо цахимд бичихэд тэрийг нь Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам хардаг болмоор байна. Өмнөх парламент иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг өргөдлийн байнгын хороотой байсан. Татан буулгасан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Гадаад харилцааны яаманд дотоод хяналт шалгалт хийдэг үнэлгээний газар бий. 47 дипломат төлөөлөгчийн газарт тогтсон хуваарь журмын дагуу хяналт хийдэг. Иргэдээс өргөдөл гомдол ихээр ирдэг. Ихэвчлэн консулын үйлчилгээтэй холбоотой гомдол ирдэг. Гомдол, саналын барагдуултал 95-аас дээш хувьтай байдаг. Элчин сайдын яамд ажилчдын тоо болон бусад асуудлаас шалтгаалж иргэдийг хүлээж авах цагийн хуваарь янз бүр байдаг байсан. Үүнийг ажлын өдрүүдэд хүссэн цагтаа ирэхэд нь хүлээж авахаар өөрчлөлт оруулсан. Иргэдийн гомдлыг төв дээр хянаад багцалж, долоо хоногийн тойм мэдээллээр хариултыг нь өгдөг хэлбэрт шилжсэн.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нэр дэвшигчдийг зарчмын хувьд дэмжиж байна. БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогосоос асууя. БНСУ-д олон монголчууд ажиллаж амьдардаг. Асуудал үүсэхээр Элчин сайдын яаманд ханддаг. Сөүл дэх Элчин сайдын яамны улаан байшин дотор 7-8 хүн ажилладаг юм байна лээ. Намайг өмнө нь очиход тэр дунд Элчин сайд болон угтах ажилтан хоёр л Солонгос хэлтэй байсан. Таныг очиход зөвлөх гурван хүн чинь солонгос хэлгүй шүү. Нэг хүнээр хөтлүүлж ажлаа хийдэг баг бүрэлдэхүүн тэнд ажиллаж байна. Элчин сайдын яам ингэтлээ чадваргүй болсон байна. Эгүүлэн татагдаж байгаа Н.Эрдэнэтуяа солонгос хэл соёлыг бүрэн мэддэг боловсролтой, иргэдийнхээ ахуй амьдрал руу орж ажилладаг хүн байна лээ. Шинээр томилогдох Элчин сайд Солонгос хэлний мэдлэг хэр вэ. Бас нэг хүнээр хөтлүүлээд ажил хийх юм уу. Тэнд Англиар лав ярихгүй.
Кувейт Улсад Элчин сайд З.Чинтүшиг хэлээр нь ярьчихдаг. Чадвартай сайд байсан. Та нар эгүүлэн татагдсан сайд нараас илүү сайн ажиллах ёстой шүү.
БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос:
-Би Япон, Орос, Англи хэлтэй. Нэмж Солонгос хэл сурна гэж бодож байна.
БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос, Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томилохыг гишүүдийн олонх дэмжив.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
нэмж солонгос хэл сурна гэнэ үү? кк алчихийн байна л доо