Нийтийн дургүйг хүргэж, нийгмийг бухимдуулсан ч чимээгүй, томоотой байвал гадны орнуудад ажиллаж, амьдрах эрхээр шагнуулна. Үүний тод жишээ нь ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн.
Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гурван сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ингэхдээ Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшигийг эгүүлэн татаж, П.Сэргэлэнгийн нэрийг өргөн мэдүүлсэн байх юм. Товчхондоо, сайд асан уяачийг Арабын ертөнц рүү Элчин сайдаар илгээнэ гэсэн үг.
П.Сэргэлэнгийн хувьд 2016 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаад, Засгийн газар нь огцроход чөлөөлөгдөж байсан. Дараа нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа хоббиноосоо болж багагүй баалуулж, эцэст нь “УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ” гэх цолоо хураалгахдаа тулж явсан нэгэн.
Учир нь, мань хүн тухайн үедээ “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 18-нд шөнө дунд зохион байгуулж, тэр үеэр 16 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдэж байсан гашуун түүхтэй.
Уг нь тухайн жил “Дүнжингарав” уралдааныг Засгийн газрын тогтоолоор хориглоод байсан. Гэтэл мань зөвлөх Монголын Морин Спорт Уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын эрх мэдлээ ашиглан, лүндэн буулган, дур мэдэн зохион байгуулж байв. Тэр бүү хэл 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах ёстой атал уралдаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж, 11 настай хүүхэд уралдуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хориглосоор байтал соёолон морины уралдааныг оройн цагаар зохион байгуулсан байдаг.
Товчхондоо тэр Засгийн газраас том эрх мэдэлтэй байсан гэсэн үг.
Мөн мань хүнийг сайд байхдаа ЖДҮХС-гийн зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд журмын дагуу олгоогүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлтийг нэр бүхий иргэд гаргаж байсныг олон нийт санаж байгаа биз ээ.
Түүнээс хойш нэгэн үе чимээгүйхэн явсан түүнийг энэ удаа Элчин сайдаар томилохоор ийн нэрийг нь оруулж ирж байгаа нь улстөрд томоотой, дуугүй байвал гадаадад ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангадаг гэх яриа үнэн бололтой.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Arai l ymdaa