Н.Тавинбэхийн “ивээлд” багтсан Хятад компани

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих тендер будлиантсан тухай хэвлэлүүдээр цацагдсан. Түүнд нь салбарын буюу Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн оролцоо байх магадлалтай гэх хардлагыг дагуулж байсан.  

Учир нь, шалгарсан гэх “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл нь Тендерийн тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн тухай бид мэдээлж байсан. 

Тухайн хуулийн заалт зөрчигдсөнөөр УЦС-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таараад байгаа юм. Хачирхалтай нь дээрх түншлэл Монголд анх удаа тендерт орж байгаа юм биш. Тэгэхлээр туршлагатай гэсэн үг. Харин яагаад алдаа гаргаж, асуудал үүсгээд байдаг нь л тун сонин. Энэ удаа тендерт заасан дүнгээр гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй ч ЦОЙЛЖ гарч ирээд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барина гэж байна.

“Power Construction Corporation of China Ltd” үүнээс өмнө буюу 2019 оны 10 сард Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн “В” багцад хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгүүлэх тендерт оролцож байсан. Гэсэн ч ТЕНДЕРИЙН БАТАЛГАА ИРҮҮЛЭЭГҮЙ гэх шалтгаанаар хасагдсан байдаг. Тэгэхлээр гаргасан алдаагаа дахин давтахгүйн тулд энэ удаагийн тендерт ихэд нямбай оролцох ёстой.

Тэгтэл эсрэгээрээ салан задгайн дээр, Тендерийн тухай хууль зөрчсөн хэрнээ ялсан нь тус түншлэлийг ЭХЯ-наас “татаас” ихтэй гэдгийг нь баталж байгаа бололтой. Хэрвээ асуудал энэ хэвээр үргэлжилбэл бусад оролцогч компани тендерийн будилаанаар гомдол гаргаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил дахиад л хойшилно. Гацна.

Уг нь олон жилийн турш яригдсан энэ ажлыг урагшлуулахын тулд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэн нэгэнд боломж олгох бус Монгол Улсын эрх ашгийг бодсон бол “галт тэрэг аль хэдийн хөдөлчих” байсан юмсан.

Төстэй мэдээ