УГЗ Д.Мягмарсүрэн: Би театраараа бахархдаг

Театр хэмээх ариун сүмд зөвхөн бурхны элч нар ажилладаг гэдэг. Ариун сүмээрээ овоглож, бахдан баярлаж явдаг Улсын драмын эрдмийн театрын хамт олон түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Театрын зүгээс ойгоо угтаж ахмад уран бүтээлчид, арын албаны ажилтан албан хаагчдаа урьж, удаан уулзаагүй нэгэнтэйгээ уулзалдаж,  баяр хөөртэй нэг өдрийг өнгөрүүлж байх энэ үеэр арын албаны ажилтан Жижиг хэрэглэлийн эрхлэгч” асан, ахмад ажилтан УГЗ Д Мягмарсүрэнтэй цөөн хором  ярилцлаа.

-Танд театрын ойн баярын мэнд хүргэе. Өнөөдөр ойн баяртаа ирээд сэтгэл өндөр байгаа байх. Та хэдэн жил энэ ажлыг хийсэн бэ. Таны ажил мэргэжлийн онцлог юу байв?

-Өнөөдөр ахмад уран бүтээлчид маань үе тэнгийнхэнтэйгээ уулзаад баяртай байна. Би театртаа 35 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Миний ажил мэргэжил үнэхээр цаг наргүй ч би ажилдаа их дуртай байсан. Хэдийгээр амралтгүй шахам ажилладаг байсан ч ядарч үзээгүй гэх үү дээ. Ядарлаа ч уран бүтээлчидтэйгээ инээлдэж хөхрөлдөж, тэднээс эрч хүчээ нөхчихдөг байсан гэх үү дээ.

Миний ажлын гол үүрэг жүжигчдийн хувцас хэрэглэлийг оёулна, жүжгийн үзэгдэл бүрт тайзны хажуугаас харж хэрэгтэй зүйлийг нь зөөж өгнө. Жүжигт ширээ сандал, хөшиг гээд юу л хэрэгтэй байна тэр бүгдийг бэлдэж гүйдэг ийм л ажил. Хоол иддэг үзэгдэл байвал хоолыг нь хүртэл хийнэ шүү дээ.

-Жижиг хэрэглэлийн эрхлэгч гэхээр хүмүүс тайзан дээр тавьдаг сандал ширээ  төдийхнөөр ойлгодог. Гэтэл энэ чинь нарийн чимхлүүр, авхаалж самбаа шаардсан,  тархи толгой байнга ажилладаг нэг ёсны менежерийн ажил гэмээр юм уу даа?

-Тийм шүү, би бүхнийг бэлдээд яг таг байж байдаг арын албаны ажилтан байлаа. Ёстой л шилдэг менежер л гэсэн үг. Жүжгийн үйл ажиллагааны менежер юм уу даа. Киногоор бол зургийн дарга, компаниар бол оффис менежер. Ингэж хэлэхийн учир нь дуусдаггүй ажил гэж байдаг бол миний ажил үргэлж л  оволзож байдаг байлаа. Гэхдээ ард нь  гарсны дараа нуруун дээрээс хүнд ачаа авсан мэт нэг л сайхан тэнэгэр болдог байлаа. Ажлаа санаж байна шүү.

-Өнөөдөр 90 настайгаа золгож байгаа mүүхтэй байгууллагад ажиллаж байхад  олон л баяр баясалтай, дурсамжтай явдлууд тохиолдож байсан байх. Ахмад уран бүтээлчдээ хараад тэр үеийн  тань  дурсамж сэргэж байгаа болов уу?

 

-Олон л дурсамж, баяр хөөртэй, хөгтэй явдлууд тохиолдоно. Нэг зүйл санаанд орлоо. Нэг жүжгийн эрэгтэй гол дүрийн  жүжигчний мөрөн дээр чонон дах нөмрүүлэх байлаа. Үзэгдэл болчхоод л байлаа би ч анзаарсангүй. Гэтэл жүжгийн дараа “Та чонон дахаа яагаад нөмрүүлсэнгүй вэ хүлээлээ, золтой л алдчихсангүй шүү дээ” гэхэд нь яагаад мартаж орхисноо хэлж чадаагүй. Одоо ч санадаггүй. Гэтэл орой нь  “Маргааш өглөө 8 цагт шуурхай хуралтай та ирээрэй” гэж захиргаанаас утасдав. Яагаад ч юм шагнуулах гэж байгаа мэт сэтгэгдэл төрөөд маргааш нь гоёж гоодоод баяртайгаар очлоо. Гэтэл театрын дарга та яагаад үзэгдлийг баллах дөхөв чонон дах яасан гэв. Би ч сандарч “Даргаа харин мартсан байна лээ” гэхээс өөр хариулт хэлж чадаагүй. Би урьд нь  хэзээ ч арга хэмжээ авахуулж байгаагүй сайн ажилтан байсан болохоор тэр үед анх удаа арга хэмжээ авахуулсандаа уйлах инээх зэрэгцэж билээ. Одоо бодоход дурсамжтай хөгтэй явдал юм даа. Их гоёж очсоныг минь яана. /инээв/Гэхдээ л би гайхалтай хувь тохиолоор театртай холбогдсон азтай хүн. Ингэж хичээнгүй ажилласаар соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Театр минь үнэхээр гайхалтай шүү.

-Та  гайхалтай хувь тохиолоор театртай холбогдсон. Тэгвэл таны үр хүүхэд, ойр дотныхонд урлагийн хүмүүс байдаг уу?

-Миний нэг хүү ээжийнхээ ажиллаж байсан энэ сайхан урлагийн ариун сүмд  дууны найруулагчаар ажилладаг. Нэг зээ маань Үндэсний урлагийн их театрт бүжигчин. Тэд маань багаасаа л ээжийгээ дагаж театрт өнждөг байсан болохоор урлагийн ажлыг сонгосон. Ингээд бодохоор миний амьдрал урлагтай, театртай салшгүй холбоотой юм даа.

-Урлагийн байгууллага тэр дундаа театрын ажил  цаг наргүй, бэрхшээлтэй олон ч зүйл тохиолдож байсан байх. Та театртынхаа юугаар нь бахархдаг вэ?

- Тэгэлгүй яахав. Би чинь бараг жүжигчин л гэсэн үг. Тайзны арын хэсэгт байж л байна юу л хэрэгтэй байна түүний төлөө гүйж байдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй л шамддаг байж. Би алтан үеийн, дунд үеийн сайхан жүжигчин, найруулагч, уран бүтээлчидтэй тэр цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Тэднээсээ суралцаж, тэднээрээ хөглөгдөж байлаа. Тэд алдаж оноход минь тусалдаг, найз нөхөд гэр бүл минь байсан. Хамт олон минь л миний бахархал юм даа.

Энэ өрөөнүүдэд байгаа бүхий л хэрэглэлийг тэр  ямар ямар жүжигт  хэрэглэдгийг нь  одоо ч хэлж  өгч чадна гэж хамт олон нь бас магтаж байсан юм. 

-Энэ мэргэжлээр ажиллаж байгаа залуу үедээ та юуг хэлэх бол?

 -Энэ ажил мэргэжлээр ажиллаж байгаа, урлагийн салбарт зүтгэж байгаа, тэр дундаа театрын жижиг хэрэглэлийг хариуцан ажиллаж байгаа залуу үедээ захихад зөвхөн ганц ур чадвараар энэ ажлыг хийхгүй. Нөр их хичээл зүтгэл, тууштай байдал, авхаалж самбаа, нүдний хараа, эмэгтэй хүнээс тэр дундаа тэсвэр тэвчээр, цэвэрч нямбай байдлыг шаарддаг ажил. Тиймээс битгий шантраарай үнэхээр л театрт дуртай бол хүсэл мөрөөдөл, өөрийн дур сонирхлыг дагаарай л гэж хэлье дээ.

- Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Төстэй мэдээ