Боксын холбоо шинэ ерөнхийлөгчтэй болоод болж, бүтэхгүй хүмүүсээсээ салж байна гэх дуулиан газар авлаа. Ингэхдээ МУГТ Э.Цэндбаатарын тухай олимпийн аварга, МУГТ М.Бадар-Ууган “Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй.” хэмээн ярьсан.
Тийм ээ, спорт хүнээр дутахгүй. Гэхдээ Э.Цэндбаатар хорь ч хүрээгүй байхдаа Риогийн олимпод шагналт байрт шалгарахад монголчууд нийтээрээ шагшин, магтаж байсан. Санаа муутнуудын балгаар осолд орж, тархиндаа 32 оёдол тавиулсан ч тэр хичээсэн. Боксын рингэндээ үлдэхийг хүссэн. Шалдан, нүцгэн гудамжаар гүйхэд нь хар тамхи хэрэглэсэн хэмээн хэсэг шуугьсан. Гэвч цагдаагийн байгууллагаас ҮГҮЙ гэдгийг нь тогтоосон. Түүнийг ингэж л бүдрэхийг нь дэргэдээс нь хүлээж, болохгүй бол түлхэхийг хүсэгчид хажууханд нь байсан хэрэг.
Олимпийн аварга М.Бадар-Ууган “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна.” гэж байна билээ.
Тэгжээ, тэгж Монголын боксын холбоо үе, үеийнхээ тамирчдын замналаар явж байна. Тодруулбал, Боксын холбоо, Үндэсний шигшээ багийнхан тамирчдаа боддоггүй. Харин амбиц, эрх мэдэл, хөрөнгөний төлөө үзэлцсээр ирсэн. Тэдний нэг нь Олимпийн хүрэл медаль, МУГТ У.Мөнх-Эрдэнэ. Түүнийг 2013 онд хавчиж, жийсээр “үдсэн”.
Дараа нь Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтыг бас л явуулсан. Түүний хувьд Э.Цэндбаатарын үедээ шахам монголчуудаа огшоож явсан. Харамсалтай нь насны залуу, ухаан, удирдлагын цараагаар алдсан. Алдахад нь бас анаж суусан хүмүүс өшигчсөн. Одоо тэр хүний газар мэргэжлийн боксоор дэлхийд гайхагдаж байна.
Боксын рингнээс албан тушаалын сэнтийд заларсан МУГТ М.Бадар-Ууган та “Боксчин хүн сахилга баттай байх ёстой” хэмээн том дуугарч байгаа шигээ залуустаа бага ч атугай чиглэл өгөх байснаа сана. Тэдэнд боксын өгөгдөл нь байсан. Харин хатуужил, тэсвэр, тэвчээрийг хамтрагчид нь, удирдлагууд нь хэлээд, зөвлөөд явсан бол өдийд олимп, дэлхийд нэрээ дуурсгасан залуус БОКСЫН ХОЛБОО-нд гомдохгүй байсан юм.
Э.Цэндбаатарын нас залуу байна. Зүгээр л спорт хүнээр дутдаг эсэхийг ҮЗҮҮЛЭЭД ӨГ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334