Токио 2020 Олимпийн наадамд оролцсон сүүлийн тамирчид өнгөрсөн шөнө эх орондоо ирсэн билээ. Манай улсын хувьд энэ удаагийн олимпод жүдо бөхийн төрлөөр 1 мөнгө , 2 хүрэл, чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон. Монголын чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай ярилцлаа.
-Шигшээ багийн тамирчид маань энэ удаагийн Олимпд хамгийн өндөр амжилт үзүүлээд ирлээ. Та холбооныхоо зүгээс дүгнэлтээ танилцуулбал:
-Бид энэ удаагийн Токио 2020 Олимпийн наадамд 6 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчин, шигшээ багийн 5 дасгалжуулагч, МҮОХ-ны удирдлагын багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ. Энэ удаагийн гол онцлог нь манай чөлөөт бөхийн багийн залгамж халаа маш сайн бүрдэж, дараагийн олимпийн циклийн тамирчдыг энэ удаад сайн бэлдэж чадсан гэж үзэж байгаа. Багийн дундаж наслалтаас харахад л баг их залуужиж, хоёр туршлагатай тамирчин болох О.Бурмаа, С.Батцэцэг нар энэ цикльд бэлдлээ. С.Батцэцэг маань медалийн төлөө барилдлаа. Холбооноос жигд амжилт гаргах зарчмыг баримталж, энэ үүрэг чиглэлийнхээ дагуу ч ажиллаж байсан.
-Таны хувьд олон жилийн дараа дэвжээний хажуугийн дасгалжуулагчаар ажилласан нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Гэнэт яагаад гарах болсон юм бэ?
-Би чинь энэ эмэгтэй багтайгаа 2008-2016 оныг дуустал хоёр бүтэн цикль ажилласан хүн. Сүүлийн цикльд бол би холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Өнгөрсөн жилээс улстөрийн албан тушаалд очиж, дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой шүүмжлэл гарсан. Зарим хүн жаахан буруу ойлгоод байх шиг байна. Намайг 10-аад жил дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад л гэв гэнэт л дэвжээний буланд гарчихлаа гэж.
Би чинь энэ багийн эд эс, одоог хүртэл тамирчидтайгаа маш ойрхон, холбоотой байж, байнга бэлтгэл сургуулилтад нь оролцож, тусалж дэмждэг юм шүү дээ.
Сая бол манай Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг маань замдаа явж байхдаа “Багшаа хамт дэвжээний буланд гараад өгөөч ээ, таны дуу, зөвлөмж их тод сайн сонсогддог юм. Ойрхон байж өгөөрэй” гэсэн хүсэлт тавьсан. Энэ дагуу багш нартай нь зөвлөлдөж дэвжээний булан дээр гарсан. Хэрвээ буруу ойлголт, сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.
-Медалийн төлөө 5 тамирчин хүч үзлээ. Энэ бол урьд нь гарч байгаагүй том амжилт. Ялангуяа хүрэл медаль хүртсэн Б.Болортуяагаа энэ дашрамд дурдах нь зүйтэй байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Болороогийн хувьд 2019 оны дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авахад нь бид нэлээн өндөр хэмжээнд хүрчихсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Тиймээс тусгайлаад үндсэн дасгалжуулагч нар дээр нь шигшээ багт ажиллаж байгаа багш нарт даалгаад ажилласан.Тамирчин маань ч бас итгэл алдалгүй маш сайн барилдаж аваргалсан Японы бөхтэй ойрхон, тэнцүүхэн барилдааныг харуулсан.
-Эрэгтэйчүүдийн найдлагын нэг нь яах аргагүй Э.Бэхбаяр. Түүний барилдаанаас яривал?
-Тийм. Бэхээ маань маш харамсалтай ялагдал хүлээсэн. Жаахан биеэ барьсан, цэнэсэн байдал ажиглагдсан. Хоёрдугаар үед мэхээ алдсанаараа нөгөө талд барилдааны хувь заяагаа шилжүүлсэн. Бэхээ маань бас ирэх циклд барилдана гэдгээ хэлсэн байгаа. Бусад орны тамирчдын хувьд ч гэсэн Бэхээ маань хүчтэй өрсөлдөгчдийн нэг.
-Чөлөөтийнхэн энэ олимпд 125 кг-ыг тааварлаагүй амжилт гаргасан гэж яригдаж байна. Тодруулбал, М.Лхагвагэрэл?
-Шигшээ багийн багш нарын хувьд 2017 онд Мөнхтөрийн Лхагвагэрэлийг шигшээгээ бүрдүүлэхдээ багтаа авсан юм. Тухайн үед бид бас энэ асуудлыг хэлэлцэж байсан. Яг ямар амжилт гаргах, ямар ирээдүйд нь төлөвлөж энэ хүүхдийг авсан юм бэ, гэхэд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга “Олимпийн эрх аваад, олимпийн медаль авна” гэж хэлж байсан.
Лхагваа маань 4 жилийн өмнө бол бидний санаанд нээх сайн бууж өгөхгүй байсан. Гэхдээ энэ хооронд Азийн залуучуудын аварга, U23-ийн дэлхийн аваргын медаль гээд залуучууд, насанд хүрэгчдийн төрөлд өндөр амжилт гаргаад яг энэ циклийн төгсгөл хэсэг дээрээ 125 кг-ийн жинд Монголын чөлөөт бөхийн түүхэнд анх удаа хүнд жингийн тамирчин маань медалийн төлөө барилдаан хийлээ. Зарим хүнд бол таамаглашгүй байсан байх. Бидний хувьд бол маш их итгэлтэй байсан.
-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Баттулга энэ циклийн дараа ажлаа өгөхөө мэдэгдсэн. Холбооны удирдлагын хувьд энэ тал дээр ямар шийдвэртэй байна вэ?
-Холбооны удирдлагын зүгээс бол мэдээж хувь хүний шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ тухайн үед сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан байж магадгүй гэж харж байгаа. Өөрөө энэ шийдвэртээ үнэхээр бат зогсож чадах юм бол эргүүлээд ажиллуулах гэдэг юм уу санал тавих тал дээр жаахан хүнд байх болов уу.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334