Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдлаа
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04/04 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдлаа.
 
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 2 өрөө бүхий 288 айлын 4 блок түрээсийн орон сууцыг 2021-2023 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
 
Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд батлагдсан квотын дагуу хамрагдах юм.
 
Энэхүү журмаар орон сууцаа 5 жил хүртэлх хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой. Түрээсийн төлбөр болон хуримтлалын хэмжээ өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна.
 
Тус төслийг “Дорноговь орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар хариуцан хэрэгжүүлэх юм. Харин зорилтот бүлгийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацааг нээлттэй байдлаар эргэн мэдээлэх болно.
 
Төстэй мэдээ