Covid-19-ийн "дельта" хувилбар Өмнөд Солонгос улсад давамгайлж эхэлжээ

Өмнөд Солонгос улсад "Covid-19"-ийн "дельта" хувилбар давамгайлах болсноор халдварын тархалтыг тогтоон барихад хүндрэлтэй болсон талаар энэ Даваа гаригт тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Сүүлийн үед Сөүл хот болон захын дүүргүүдэд  халдварын тоо эрс нэмэгдэх болсон нь "дельта" хувилбарын дэгдэлттэй холбоотой бөгөөд халдварын тархалт нийслэл Сөүлийн бүсээс халих магадлалтай байгааг анхааруулжээ.

Өмнөд Солонгос улсын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын дөрөв дэх 7 хоногийн байдлаар нийт халдварлагсдын 3.3 хувь нь "дельта" хувилбараар өвчилсөн бол, энэ сарын мөн үед тус үзүүлэлт 48 хувь хүртэл өссөн байна. Улмаар цаашид бүртгэгдэх нийт халдварын талаас илүү хувийг "дельта" хувилбар эзлэх төлөвтэй байгаа аж.

"Дельта" хувилбар нь "альфа" хувилбараас 1.6 дахин хурдан халдварладаг бол “Covid-19”-ийн анхны хувилбар түүнээс ч хурдан хугацаанд халдварлах чадвартай аж.

Өмнөд Солонгосын 52 сая хүн амаас одоогийн байдлаар 6,8 сая орчим хүн нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Тэдгээр хүмүүс энэ зун аялал жуулчлалын бүсүүдээр чөлөөтэй зорчиж байгаа нь Сөүлээс гадна бусад бүсэд халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа аж. Сүүлийн 20 хоногийн турш өдөрт 1000-аас дээш хүн өвчилж байгаагаас 60 орчим хувь нь нийслэл Сөүл хотод, 40 орчим хувь нь бүс нутагт тус тус бүртгэгджээ.

 

Төстэй мэдээ