Буудлагын төрөлд оролцож буй Ц.Анударь, Э.Даваахүү нар дасгалжуулагчтай явсан гэв

"Токио 2020" зуны олимпын наадамд манай улсаас буудлагын спортын төрөлд оролцож буй Ц.Анударь, Э.Даваахүү нар багшгүй явсан гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнээс улбаалж, тамирчид нь дасгалжуулагчгүй явж, хэрэггүй баахан хүмүүс дагалдаж явдагийг болиулмаар байна гэх шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл уг асуудалд МҮОХ-ноос тайлбар өгчээ.

Тайлбарт, "Токио-2020" Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпт оролцох болсон.

БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг. Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон болно.

Иймд хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн илэрхийлэл олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ.

Төстэй мэдээ