Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндчилгээ ирүүлсэн Парламентын спикерүүдэд талархал илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн гадаад улсын Парламентын спикерүүдэд Монгол Улсын Их Хурлын нийт гишүүд, ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, хариу мэндчилгээ илгээлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын дарга, ноён Милош Вистрчил-д хариу талархал илэрхийлэв.

“Манай хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын тогтвортой хамтын ажиллагаа Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Бидний хамтын хүчин чармайлт хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна” гэдгээ Улсын Их Хурлын дарга илэрхийлсэн байна. 

Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын маршал, профессор ноён Томаш Гродзки-д илгээсэн хариу мэндчилгээндээ, Монгол, Польш хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагууд үр бүтээлтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэдгээ Улсын Их Хурлын дарга илэрхийлээд ноён Сенатын маршалд эрүүл энх, сайн сайхныг ерөөж, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүсчээ.

Украин Улсын Дээд Радагийн дарга, ноён Дмитрий Разумковт хариу мэндчилгээ илгээж, Монгол, Украины хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжиж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, салбар бүрийн харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бүр бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Төстэй мэдээ