Орон сууцанд тэжээхэд ТОХИРОМЖТОЙ үүлдрийн ноход

Хэрэв та нохой тэжээхээр шийдсэн бол танай гэр бүлийн шинэхэн гишүүний онцлог таны амьдралын хэв маягтай зохицох эсэхийг сайтар тооцоолоорой. Учир нь хөршүүддээ хүндрэл учруулалгүйгээр бяцхан найзтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх нь хариуцлагатай, соёлтой иргэний үүрэг шүү дээ.

 

Бид энэхүү нийтлэлээрээ орон сууцанд амьдардаг хүмүүсийн хувьд тэжээхэд хамгийн тохиромжтой үүлдрийн нохдыг танилцуулж байна.

  1. БИШОН ФРИЗЕ

Энэхүү сэтгэл татам, өхөөрдөм зүстэй нохой аливаа коммандыг хурдан сурдаг, нөхөрсөг зан чанартайгаараа онцлог. Хамтдаа тоглоход та хоёрт том зай талбай шаардагдахгүйгээс гадна харшлыг сэдрээдэггүй давуу талтай.

  1. ФРАНЦ БУЛЬДОГ

Тэртээ 18-р зууны үеийн Парис хотод ихэд алдартай байсан энэхүү үүлдрийн нохой миллениал үеийн залуусын дунд алдаршиж байна. Онцын шалтгаан гарахгүй л бол хуцдаггүй учир чанга дуу чимээ гарган хөршүүдээсээ зэмлэл сонсоно гэж айх шаардлагагүй гэнэ.

  1. ГРЕЙХАУНД

Магадгүй та орон сууцанд амьдардаг учир аль болох хөдөлгөөн багатай амьтан тэжээе гэж боддог нэгэн байхыг үгүйсгэхгүй. Энэ үүлдрийн ноход хэдий хурдан хөдөлгөөнтэй ч өдөрт зохих хэмжээгээр салхилуулж тоглуулбал гэрт үймүүлнэ гэж санаа зовох шаардлагагүй аж.

Дасгал хөдөлгөөн хийсний дараа унтаж амрахыг хүсэхгүй хэн байх билээ?

  1. ПАГ

Багахан зальтай ч өхөөрдөм зан чанар нь тэднийг гэр бүлийн гишүүдтэй богино хугацаанд дотно холбоо тогтооход тусалдаг. Тэдний нэг сул тал буюу буйданд шигдэж хоолонд дурлах нь амархан жин нэмэх шалтгаан болдог байна.

  1. СПАНИЭЛ

Тэд энхрий, зөөлөн ааштайн дээр хүүхдүүдэд маш найрсаг ханддагаараа алдартай. Торгомсог зөөлөн үс, гоо үзэсгэлэнгээрээ бусдын хайрыг гарцаагүй татах болно.

  1. БУЛЬДОГ

Хэдий булчинлаг биетэй ч доороо эргэлдэж, буйдан дээр зүүрмэглэх нь энэ үүлдрийн онцлог гэлтэй. Найрсаг, үнэнч зангаараа тэд гэр бүлийн гишүүдийнхнээ хайрыг татах болно.

  1. ХАВАЙН БИШОН

Үсэн бөмбөг нэртэй энэ үүлдрийн ноход нийтэч, цовоо бөгөөд бусад тэжээвэр амьтантай ихэд таарамжтай байдаг. Гадуур зугаалах, тоглоход “нугасгүй” түүнд аливаа коммандыг зааж өгөхөд хурдан сурдаг.

  1. ШИЦУ

Анх Хятадын эзэн хааны ордонд тэжээхээр үржүүлж байсан энэ үүлдрийн нохдын амьдралынх нь гол зорилго бол хайрлаж хайрлуулах явдал юм. Хөгжилтэй, дэггүй зантай тэд таны амьдралын гайхалтай хамтрагч байх болно.

  1. БОСТОН ТЕРЬЕР

Хэрэв та тачирхан үстэй нохой тэжээхээр судалж байгаа бол энэхүү үүлдрийн ноход яг тохирно. Гадаа гарахдаа бөмбөгний араас хөөж хөгжилдөх туйлын дуртай тэд гэр дотор үнэхээр хүмүүжилтэй байдаг.

  1. БИВЕР ТЕРЬЕР

Тэд тэврүүлэх, нэн ялангуяа эздийнхээ өвөр дээр тухлах дуртай гэвэл итгэх үү? Бие жижиг ч явган аялал хийх, уралдахад авхаалж самбаатай, спортлог найз тань байх болно.

  1. МАЛЬТЕЗЕ

Аль ч насныхантай нөхөрлөж чаддаг тэд заримдаа зөрүүд, өөрийнхөөрөө байх гэдэг тул аливааг сургахдаа шагнаж урамшуулах аргыг ашиглаарай.

 

Төстэй мэдээ