Б.Батцэцэг сайд аа, ДИПЛОМАТ АЛБЫГ БЯРДАЖ БОЛДОГГҮЙ ЮМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуудуутайхан томилогдсон элчин сайдуудыг тухайн улс оронд суух эрхийг нь өгөх болов уу гэсэн хүлээлт олны дунд бий болсон.

Учир нь элчин сайдаар томилогдоход хамгийн их хэл ам татласан хүмүүс бол АНУ-д элчин сайдаар суух аялагч Ө.Батбаяр, Швейцар улсад улиран суух элчин сайд Р.Алтангэрэл нарыг УИХ-ын гишүүд болон дипломат албаныхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж ГХ-ны сайд Б.Батцэцэгт шаардлага хүргүүлсэн ч тэрбээр хүлээж авахгүйгээр Засгийн газарт санал болгож эцэст нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Уг нь Дипломат албаны тухай хуульд “Олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн хүн байна” гэж заасан байдаг. Гэтэл ГХ-ны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гуравдагч хөршийн бодлогоосоо ухарч, АНУ-тай харилцах харилцаандаа ач холбогдол өгөхөө больсон гэдгийг аялагч Ө.Батбаярын томилгоогоор дэлхий нийтэд харуулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, тендерчин Б.Батцэцэг дипломатчидын хэмжүүрийг дэлхийн улс оронд навс унагаж буйн дохио болж байна гэсэн үг.

Дараагийн нэг асуудалтай хүн нь Швейцарьт улиран суухаар горилж буй Р.Алтангэрэл. Тэрбээр эх орондоо ирэлгүй гурван удаа дараалан тус улсад элчин сайдаар сууж буй нэгэн.

Түүнийг дахин томилогдохоор болсонд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ихэд эгдүүцэж "Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй” гэх тайлбарыг өгч байв.

Ийм л нэг хуудуутай хоёр нөхрийг ГХ-ны сайд Б.Батцэцэг ашиг сонирхолдоо хөтлөгдөн гадаад харилцаанд сэв суух томилгоог хийхэд хүргэсэнд дипломатууд эгдүүцсэн юм.

Тиймээс л элчин сайдыг томилох, эгүүлэн татах онцгой эрхтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дээрх хоёр нөхөрт гадаад улсад суух  итгэмжлэх жуух бичгээ яасан ч өгч болохгүй. Хэн нэгэн сайдын хүргэн байлаа гээд чухал албанд томилогддог суудал биш гэдгийг дипломат албаныхан хэлж байна.
Учир нь олон улсын түвшинд яриа хэлэлцээр хийх чадвартай мэргэшсэн хүмүүсээ томилоосой гэж хүсч буй хэрэг.

Хэрвээ Ерөнхийлөгч энэ хэвээр нь соёрхвол магадгүй үүнийг их гүрэн эмзэглэн хүлээн авч, цааш цаашдын харилцаанд яаж ч сөргөөр нөлөөлж болно шүү гэдгийг дахин, дахин сануулах байна.

Эцэст нь Б.Батцэцэг сайд аа, ДИПЛОМАТ АЛБЫГ БЯРДАЖ БОЛДОГГҮЙ ЮМ гэж танд хэлмээр байна.

Элчин сайд гэдэг хүн гадаад улсад Монгол төрийг биеэрээ төлөөлж, улсынхаа нүүр царай нь болдог учраас хамгийн шилдэг боловсон хүчнээ томилж явуулдаг атал элчин сайдын суудлыг бярдаж авдаг үзэгдэл  Монголоос өөр улс оронд лав байхгүй шүү.   

 

Төстэй мэдээ