Ц.Төмөр-Очир: Улсын гуравдугаар төв эмнэлгийн ариутгал, нян судлалын тасгийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрсэн

Улсын гуравдугаар төв эмнэлэг бол зүрх, судас, тархины мэс заслаар дагнаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг гурав дахь шатлалын лавлагаа төв эмнэлэг юм. Тус эмнэлгийн Төвлөрсөн ариутгал болон Нян судлалын тасагт иж бүрэн засвар хийж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлж устгах менежментийг дэлхийн хөгжсөн орны стандартад нийцүүлэх зорилт бүхий “ЭМСХХ-5” төсөл 2014-2019 онд амжилттай хэрэгжсэн билээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй энэ төслийн үр дүнгийн талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очиртой ярилцлаа. 

-Улсын гуравдугаар төв эмнэлэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “ЭМСХХ-5” төслөөс ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? 
-Манай эмнэлэгт 2014-2019 онд Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, Эрүүл ахуйн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах төсөл хэрэгжсэн. Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд эмнэлгийн аюултай, халдвартай хог хаягдлыг цуглуулахаас эхлээд зөв ангилах, хадгалах, халдваргүйжүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг шат дараатай сургалтад хамруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, химийн хог хаягдлыг түр хадгалах зориулалтын савуудаар бүрэн хангагдсан. Хог хаягдлыг халдваргүйжүүлэх өмнө нь ажиллаж байсан зарчмуудыг өөрчилж, олон улсын жишигт хүрсэн. 

ЭРҮҮЛ АХУЙ ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХОД ЭМСХХ-5 ТӨСЛӨӨС:

 

 

-Улсын гуравдугаар төв эмнэлэг жилд хэчнээн хүнд үйлчилдэг, хэдэн хүнд мэс заслын тусламж үзүүлдэг вэ?
-УГТЭ бол зүрх, судас, мэдрэлийн чиглэлийн тусламж үзүүлдэг гурав дахь шатлалын үндэсний лавлагаа төв эмнэлэг. Жилд 6500-7000 мэс засал хийдэг. Ангиографи буюу судсан дотуур зүрх, тархинд хийж байгаа мэс заслуудаа оруулбал 2020 оны статистикаар 9000 гаруй мэс засал хийсэн.  

-Мэс заслын болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай ороох боох материал, багаж хэрэгслийг ариутгах нь эмнэлгийн хувьд амин чухал ажил. Эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулахад ЭМСХХ-5 төслөөс ямар ажил хийсэн бол? 
-Төслийн хүрээнд Төвлөрсөн ариутгал болон Нян судлалын тасагт засвар хийж, агааржуулалтын урсгалыг олон улсын стандартад хүргэж, угаалга ариутгалын үе шат бүрд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр хангасан. Төсөл хэрэгжихийн өмнө 1985, 2002, 2013 оны ОХУ, БНХАУ-ын тоног төхөөрөмжүүд ашиглаж байлаа. Тухайлбал, Ариутгалын тасагт манай эмнэлэг энэ байранд шилжин нүүж ирэхэд суурилуулсан Оросын 1985 онд үйлдвэрлэсэн өндөр даралттай уурын ариутгах төхөөрөмжийг /автоклав/ 2012 он хүртэл ашигласан. 2012 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Чех улсад үйлдвэрлэсэн 600 литрийн хүчин чадалтай бүрэн автомат автоклав ашиглаж эхэлсэн.

 


Энэ автоклав нь өдөрт дунджаар 400 гаруй бикс, хагалгааны багцыг ариутган гаргах хүчин чадалтай бөгөөд мэс заслын багаж хэрэгслийн 1200 хэмийн халуун уураар ариутгана. Харин ЭМСХХ-5 төслийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас БНХАУ-д үйлдвэрлэсэн 1200 литрийн багтаамжтай автоклавыг ашиглалтад орууллаа. Ингэж эмнэлгийн ариутгалын хүчин чадал 3-4 дахин нэмэгдсэнээр хагалгааны материал ариутгалаас гарахыг хүлээхээс үүдэлтэй мэс заслын хүлээлт, чирэгдэл үгүй болсон. Өмнө нь материал ариутгалаас гарахыг хүлээж төлөвлөгөөт хагалгаа хойшлогддог, тэр хэмжээгээр эмч, сувилагчид илүү цагаар ажиллах асуудал их байлаа. Энэ төслийн үр дүнд эмнэлгийн ариутгалтай холбоотой асуудал бүрэн шийдэгдсэн учир эмнэлгийн ажилтнууд болон эмнэлгээр үйлчлүүлэгчид бүгд төслийн үр шимийг хүртэж буй юм. 

 

 

Төвлөрсөн ариутгалын тасагт иж бүрэн засвар хийж, агааржуулалтын системийн урсгалыг стандартын дагуу шинэчилж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангаснаар энд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд ажлын байрандаа халдварт өртөх эрсдэлийг бууруулсан. Мөн тав тухтай орчин нөхцөлд ажиллах боломж нээгдсэн. Энэ талаар тус тасгийн эрхлэгч Т.Баян “Бид гадаадын эмнэлэгт ажиллаж байгаа мэт маш сайхан байдаг” хэмээн сэтгэгдлээ хэлсэн билээ.
Төвлөрсөн ариутгалын тасгийн эрхлэгч Т.Баян

Төвлөрсөн ариутгалын тасгийн эрхлэгч Т.Баян

Төвлөрсөн ариутгалын тасгийн эрхлэгч Т.Баян
Түүний хэлснээр УГТЭ-ийн Төвлөрсөн ариутгалын тасгийн үйл ажиллагаа гадаадын эмнэлгийн түвшинд хүрчээ. Энэ тасаг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн эмнэлэгтэй ижил түвшинд хүрсэн гэж төслийн зөвлөх, профессор Луис Томальти Монгол Улсад хэрэгжүүлсэн ажлаа сэтгэл дүүрэн дүгнэж хэлсэн байна.

 

-Төслийн үр дүнд Төвлөрсөн ариутгалын тасагт нэвтэрсэн технологийн дэвшлүүд эмнэлгийн үйл ажиллагаанд үр ашгаа хэрхэн өгч байна вэ?
-Төслийн санхүүжилтээр хийсэн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл нь манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлж байгааг онцлох нь зүйтэй. Төвлөрсөн ариутгалын тасаг эмнэлгийн мэс засал, оношилгоо эмчилгээний 23 тасаг нэгжийг ариутгасан багаж, хэрэгслээр хангах ажиллагааг хариуцдаг. 2019 онд мэс заслын болон жижиг мэс ажилбарын 150 мянга гаруй багцыг ариутгаж, нийлүүлжээ.

 

Ариутгалын тасагт өмнө нь бид мэс засалд хэрэглэсэн амархан эвдэрч болох эмзэг багажуудыг эхлээд гараар угаадаг байсан. Энэ үед эмнэлгийн ажилтан халдвар авах эрсдэлтэй. Харин одоо Герман улсад үйлдвэрлэсэн 310 литрийн багтаамжтай хоёр ширхэг угаалгын бүрэн автомат машин суурилагдсанаар эрсдэл эрс багассан нь технологийн дэвшлийн ач. Эмнэлгийн багаж, хэрэгслийг ариутгахад нарийн, өвөрмөц ажиллагаа бүхий маш олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг. Үүнд: 

 

Өндөр температурт гэмтэх эрсдэлтэй дурангийн мэс заслын багажуудыг нам температурт ариутгах плазм ариутгалын төхөөрөмжтэй боллоо. Мэс заслын дараа нүдэнд харагдахгүй цус, уургийн үлдэгдэл гэх мэт зүйлсийг задалж салгаж ариутгах Герман улсад үйлдвэрлэсэн 57 литрийн багтаамжтай угаагч машин ажиллаж байна. Мэс заслын багаж хэрэгслийг хагалгаа тус бүрийн дараа сувилагч битүү саванд зөөвөрлөн, Ариутгалын тасагт авчирна. Ариутгалын сувилагч багажуудаа ангилаад, амархан гэмтэж болох нарийн багажуудыг “хэт авианы угаагч машин”-аар ариутгадаг.

 

Мэс заслын болон эмчилгээ, оношилгооны халуун, чийглэг орчинд тэсвэргүй зарим багаж хэрэгслийг ариутгах зориулалтын “WEGO MD-JT” маркийн 140 литрийн багтаамжтай “хийн плазма” ариутгагч суурилуулсан. Энэ нь устөрөгчийн хэт ислээр карбон шүүлтүүрээр шүүгдэж, гадна орчиндоо хүчилтөрөгч ялгаруулдаг байгаль орчинд ээлтэй эко аппарат юм.

 

-ЭМСХХ-5 төслийн санхүүжилтээр Нян судлалын лабораторийн үйл ажиллагааны хүчин чадлыг яаж нэмэгдүүлсэн бэ?
-Нян судлалын лабораторидоо бид ОХУ-д үйлдвэрлэсэн, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан. ЭМСХХ-5 төслийн хүрээнд иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмж, эд хогшлыг шинэчилсэн. Өмнө нь 1985 онд Орост үйлдвэрлэсэн “ВК-75” автоклав, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн автоклав ашиглаж байв. Төслийн хүрээнд “LAC-504SP” загварын бүрэн автомат автоклав нэвтэрснээр ариутгалын чанар хүртээмж эрс сайжирлаа.

 

Манай эмнэлэг 2007 оноос Нян судлалын лабораторидоо бүрэн автомат VITEK аппарат ашиглаж эхэлсэн. Төслийн хөрөнгөөр “VITEK-2” маркийн бүрэн автомат анализаторыг нийлүүлснээр хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. VITEK нь нянгийн гаралтай халдварын сорьцоос нянгийн хэв шинж ялган авч, өвчин үүсгэгчийг тогтоох ба энэ үүсгэгчид ямар антибиотик хэрэглэвэл илүү үр дүнтэйг тодорхойлох анализатор юм. Энэ төхөөрөмж өмнө нь улсын хэмжээнд ХӨСҮТ болон манай эмнэлэгт л ажиллаж байв. 

 

Нян судлалын лабораторид өдөрт 20-30 нэр төрлийн, нян судлалын 80-100 гаруй, жилд 18000 орчим шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээ нь өвчин ямар нянгаас үүссэнийг тогтоож, оношилгоо эмчилгээний чиглэлийг гаргаж өгөх ач холбогдолтой. Шинжилгээний үр дүнд өвчтөнд тохирох эмийг сонгосноор эмчилгээ оновчтой болж хурдан эдгэрч эрүүл болох, эмнэлэгт хэвтэх хоногийн хугацаа багасах хамгийн гол давуу талтай.

 

Мөн халдвар гарсан шалтгаан болон өвчтөнүүдэд ямар үүсгэгч зонхилж байгаа, ямар антибиотик эмчилгээ тохиромжтойг тодорхойлж, эмнэлэг цаашдын үйл ажиллагаа, төсөв төлөвлөгөөндөө тусган уялдуулж явдаг. Мөн сар тутам антибиотикт мэдрэг чанарыг үзэж, дүн мэдээгээ авдаг.

-Нян судлалын лаборатори орчин үеийн стандартад хүрснээр эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдэд ямар давуу тал авчрав?
-Тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирснаар Нян судлалын тасагт био аюулгүй ажиллагааны бүх стандарт хангагдсан. Сүрьеэгийн савханцар болон халдварт өвчин эмгэг үүсгэгчийг шуурхай илрүүлэх орчин нөхцөл бүрдсэн. Францад үйлдвэрлэсэн нян судлалын бүрэн автомат VITEK аппарат манай эмнэлэгт нэг байсан бол төслийн хүрээнд нэгийг нэмж хоёр аппараттай болж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. Энэ аппаратын онцлог нь 150-160 өвчин үүсгэгч, антибиотик  мэдрэг чанарыг тодорхойлдог. Жишээлбэл, Үжилтэй өвчтөн байлаа гэхэд үжлийг үүсгэгч нь юу вэ? ямар антибиотикт мэдрэг, ямар эм уухад тохиромжтойг тодорхойлох автомат анализатор юм. Ийм аппарат өмнө нь ХӨСҮТ-өөс гадна манайд улсын хэмжээнд хоёрхон байсан, төслийн хүрээнд бусад эмнэлгүүд хангагдсан байх.

 

-Төслийн санхүүжилтээр шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүдээ ашиглах, эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтэрсэн шинэ менежментийг хэрэгжүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах шаардлага гарна. Энэ талаар ямар ажил зохион байгуулав?
-Төсөл хэрэгжих хугацаанд гадаадын профессорын зөвлөх баг бидэнтэй байнга хамтран ажиллаж, ариутгагч, нян судлалын эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулснаар тоног төхөөрөмжүүдээ бүрэн ашиглах чадавх бүрдсэн. Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар гэж юу болох, халдварыг илрүүлэхийн ач холбогдол, эмч мэргэжилтнүүд эрсдэлээс өөрсдийгөө яаж хамгаалах зэрэг сэдвээр Луис Томальти профессор тэргүүтэй, олон улсын сургагч багш нар 2014 оноос хойш ерөнхий мэс засал, зүрхний мэс засал, сэхээний тасгийн эмч, сувилагчдыг олон удаагийн давтамжтайгаар хоёр жил шахам хугацаанд сургалтад хамруулсан.

 

-Халдвар хамгааллын дэглэмээ бүрэн сахиж чадахгүй байгаагаас эмнэлгийн дотоод халдвар гардаг ч эмнэлгүүд мэдээлдэггүй гэсэн хардлага бий. Та эмнэлгийн даргын хувьд энэ талаар юу хэлэх бол?
-Эмнэлгүүдэд гардаг энэ алдаа дутагдлыг арилгахын тулд тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах нь ЭМСХХ-5 төслийн нэг зорилт байсан болов уу. Байгууллагын үнэлгээг хойш татна гэж үзэж өмнө нь эмнэлгийн дотоод халдварыг нээлттэй мэдээлдэггүй зарим зүйл байсан. Харин одоо тийм биш. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлтийг эрчимжүүлэх, халдварын тандалтыг сайжруулах талаар дэвшил гарсан. Энэ талаар төслөөс хоёр жил гаруйн хугацаанд эмч, мэргэжилтнүүдэд сургалт  явуулснаар дотоод халдварыг илрүүлэхийн ач  холбогдлыг ойлгож, эмч, мэргэжилтнүүдийн уламжлалт хуучин хандлага өөрчлөгдсөн.

Одоо бол халдварыг бүрэн илрүүлж, тоон мэдээгээ үнэн зөвөөр өгдөг системд шилжээд байна. Халдварын идэвхтэй тандалт хийж, илрүүлэлт сайжирснаар нэгдүгээрт, эмч ажилтнууд өөрсдийгөө хамгаална. Хоёрдугаарт, өвчтөнийг эмэнд тэсвэртэй нян бактераар халдварлуулах эрсдэлээс хамгаална. Идэвхтэй тандалт сэргийлэлт явуулахын бас нэг ач холбогдол нь эмчилгээнд антибиотикийг  оновчтой сонгох боломж бүрдүүлж буй явдал юм.

Эмнэлэгт өвчтэй, халдвартай хүн л ирдэг учир эмнэлгийн гол сонор сэрэмж нь халдвар хамгааллын асуудал.  Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой дотоод халдварыг илрүүлж, тархаахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллах нь эмнэлгийн удирдлагын гол үүрэг байдаг.

 

-Төслийн үр дүнд хүрсэн түвшнээсээ буухгүй цаашид энэ стандартаа барьж явахын тулд эмнэлгийн захиргаа ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төслөөс гарсан үр дүнг урт хугацаанд авч явах нь тухайн эмнэлгийн удирдлага, захиргааны өндөр хариуцлага гэж би хувьдаа ойлгодог. Эрүүл мэндийн салбарт маш олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгждэг. Төслүүд амжилттай хэрэгждэг ч төслийн хугацаа дуусахад тасралтгүй ажиллагаа нь алдагддаг сөрөг тал ажиглагддаг. Төслийн үр дүнд бий болсон дэвшлийг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд дэмжлэг үзүүлж, жил жилийнхээ төсөв төлөвлөгөөнд хөрөнгө санхүүжилтийг тусгаж байх ёстой гэж бодон, ажилладаг. Энэ нь юуг хэлж байна гэхээр? Жишээлбэл, Нян судлалын чиглэлд эмнэлэгт гарах халдварыг илрүүлэх, тандан судлах өндөр түвшний технологи нэвтрүүлсэн. Нянгийн халдварыг тандан мэдээлэх систем нэвтрүүлснээр эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал багасаж, төсөв хэмнэгдэх, нэг эмчлүүлэгчид ногдох эмчилгээний зардал буурах эдийн засгийн үр ашиг гарч байна. Ингэснээр нэгдүгээрт байгууллагад, хоёрдугаарт, эмч ажилтнууд халдвар авахаас сэргийлэх, хамгийн гол нь эмнэлгээр үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалж буй давуу талтай. Иргэдэд эрүүл аюулгүй орчинд чанартай тусламж үзүүлэх гол бодлого хэрэгжих том түлхэц өгсөн төсөл юм.

 

-Өртөг өндөртэй тоног төхөөрөмжүүдийг урт удаан хугацаанд ашиглах, найдвартай ажиллагааг хангахын тулд заасан хугацаанд засвар үйлчилгээг хийх шаардлагатай. Энэ ажлууд хийгдэж байна уу?
-Төслийн хүрээнд хангагдсан тоног төхөөрөмжүүдийн баталгаат засварын хугацаа 1-2 жил байдаг. Гурав дахь жилээс засвар, үйлчилгээгээ эмнэлэг хариуцах бөгөөд үүнд шаардлагатай санхүүжилтийг төлөвлөж эхэлдэг. Тоног төхөөрөмжүүдээ суурилуулснаас хойш эхэн үед бидэнд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч байсан. Тухайн жилийн төсөв батлагдсанаас хойш засвар үйлчилгээ хийх асуудал гарсан л даа. Гэхдээ тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахын тулд цаг үеийн шаардлагаар шуурхай шийдвэр гаргаж ажилласан. Одоо бол тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаад шийдвэрлэж хэвшсэн. 

Төстэй мэдээ